Манжийн эрхшээл дэх Монголын соёл...Бие даалтын 2-р хэсэг
Манжийн эрхшээл дэх Монголын соёл
Манжийн эрхшээлийн үед Монголд шарын шашны онцгой ноёрхол тогтоосноос үүдэн соёл боловсрол түүний нөлөөнд бүрэн хамрагдсан үе байсан гэж үзэж байна.
Сургууль боловсрол нь дотроо :
1) Иргэний
2) Шашны
3) Манжийн
Гэсэн үндсэн гурван чиглэлээр явагдаж байв. Иргэний сургалт нь хамгийн сайн хүнийг сонгон гэрийн багшид шавь орж үндэсний бичиг үсэг, тоо бодлогод суралцах байдлаар нилээд явцуу хүрээнд явагдаж байжээ. Монголчуудын дунд бичиг үсэг зааж байсан арга ажиллагааны тухай сурвалж бичигт өгүүлсэн нь : Монголчууд бичиг үсэглэж чадах бүхнийгээ “Багш” гэнэ, энэ нь сургагч болой. Бичиг сурагчийгаа “Шавь” гэнэ гэжээ.
Манжийн захиргааны албан хаагчдыг бэлтгэх зорилготой цөөн тооны сургууль байгуулагдаж суралцагчид нь Монгол,манж хэл бичиг, хууль цаазыг голлон үздэг байв. Мөн бээжинд харвах, намнах, манж Монгол хэл бичиг үздэг сургууль байгуулж Монгол ноёдын хүүхдүүдээс цөөвтөр хэдийг сонгон авч сургаж байжээ. Мөн 18-р зууны сүүлчээр Хүрээ, Улиастай, Ховдод “Сургах жасаа” гэдэг 2-3 сарын хугацаатай дамжаа байгуулжээ.
Манжийн сургуулиас гадна Цэцэн ханы хэцүү “То Ван” (Тогтохтөр ван)-гийн санаачлагаар 300-аад хүүхдийг хамруулсан сургууль байгуулсан байна. 1864 онд Орос хэлний орчуулагч хэлмэрчийн сургууль байгуулагджээ. Халхын 14 буухиа өртөө тутамд тус бүр 4 хүүхдийг Монгол бичигт сургаж байжээ. 1898 оны намар Түшээт хан, Цэцэн хан аймагт албаны сургууль байгуулж , тэдгээрийн зардалд дээрхи хоёр аймаг шавиас жилд 600 лан татварлаж байснаас гадна хувь хүмүүсийн тусламж хандиваар санхүүжиж байжээ. 1908 онд хүрээнд “Сурган тэжээх” сургууль байгуулжээ. Манжийн элдэв албаны зэрэгцээгээр сургуулийн хүүхдийн өр төлбөр нэмэгдэж чирэгдэл учруулж байгааг зогсоохыг шаардсан агуулгатай бичгийг дээд газар өргөн барьсан удаатай. Зардлаа дийлэхгүй болсон сургуульд ч хятадын худалдаачид өртөн босцгоож байжээ.
Хамгийн олон хүнийг хамарсан сургалт нь шашны чиглэлтэй явагдаж байлаа. Шашны сургалт нь хоёр шаттай сургалт байжээ.
Нэгдүгээрт : 5-7 насны хүүхдийн сүм хийд, лам багшид шавилуулж Түвд үсэг бичиг нүдлүүлэх, цээжлүүлэх, уншлаганд сургах анхан шатны сургалт.
Хоёрдугаарт : Зурхай, гүн ухаан, эмчийн зэрэг 5-6 мэргэжлийн чиглэлтэй “Дацан” гэдэг дээд шашны сургалт байжээ. Шашны сургалтын хамгийн том төв нь Их хүрээний Гандандэгчлэн хийд байв. Олон төрлийн ухааныг заадаг шашны сургуулыг “Цанит” буюу Чойрын дацан гэдэг. Энэ сургуулийг төгссөн хуварга нь гавж гэдэг мяндагтан болдог бөгөөд цаашид “Агийн дацан” –д суралцаж Тантарын номыг үзэж Агарамба мяндагтан болж жинхэнэ бурханы дүр хутагийг олсонд тооцдог байна. Сүм хийдэд шавилагчдыг санваартан гэх ба тэр санваар гэдэг нь муугийн зам мөрийг хаах боох зайлуулах гэсэн утгатай санскрит үг гэнэ.
Боловсрол мэдлэг олгох гол сургалт нь шашны сургуулиар явагдаж байснаас лам болох хүсэл эрмэлзэл давамгайлж эрдэм номын хэл нь “Түвд” хэл бичиг болжээ. Иймээс манжийн эрхшээлд байсан үед Монголын түүх соёл, гүн ухааны болон шашны талаар туурвигдсан бүтээлүүд нь Төвд бичгээр бичигджээ. Монголын эрдэмтэн ухаантан Зая Бандид Лувсанпэрэнлэй, Хөх нуурын сүмбэ хамба Ишбалжир, Алшаагийн Агваандандар, Агваанхайдав, Агваанбалдан, цахар гэвш Лувсанчүлтэм, гүүш Цэмбэл, Дандар, аграмба Жамъянгарав нарын зэрэг 200 гаруй мэргэд Түвд хэл дээр өөрсдийн хэдэн арван бүтээлээ туурвицгаасан байна. Ер нь шашны сургуульд үндэсний бичиг үсэг заадаггүй байсан нь ч бас түүнд нөлөөлсөн бизээ. Шашны сургуулиудад бурхан шашны ном судруудаас гадна эхэтхэгийн их бага таван ухааныг заадаг байжээ. Энэхүү “их” таван ухаанд шалгадаг ухаан (логик), урлахуйн ухаан, дотоод ухаан (бурхны сургааль), тэжээхүй ухаан (анагаах ухаан), дууны ухаан, “Бага” таван ухаанд зурхай, зохист аялгуу (яруу найргийн онол), илт ёгт өгүүлэхүйн ухаан (ёгтлол шог хошин), холбох найруулахуйн ухаан (найруулга зүй), жүжгийн ухаан тус тус багтдаг.
Хэдийгээр Түвд хэл эрдэм ухааны хэл болж байсан ч үндэсний хэлээ эрхэмлэх дээдлэхийн төлөө тэмцэж байжээ. Огторгуйн далай хэмээгч Зая Бандид Лувсанпэрэнлэй, Нэйж тойн зэрэг эрдэмт хутагт, хуваргууд шашны хурал номын уншлагыг Монгол хэлээрээ явуулдаг болгохын төлөө санал сэдэж байжээ.
Сайн сайн оточ, маарамба нар энэ үед их байсан ба Монголын уламжлалт анагаах ухааныг улам сайжруулхын тулд Энэтхэг, Түвдийн анагаах ухааныг судалж шинэ эмийн ургамалыг мэдэж, эм тан гаргаж авч байжээ.
Жишээ нь : Төмөр, зэс, алт, мөнгө, эрдэнийн чулуу, эрдэс давс, ургамал амьтны гаралтай түүхий эдээр 3000 гаруй нэр төрлийн эм найруулах жорыг боловсруулан хэрэглэж байжээ. Ер нь Монголчууд ширмэн тогоотой, зэс шанага халбага, гуулин данх домбо, мөнгөн аяга, төмөр хутга зэргийг гэр ахуйн гал тогооны хэрэгсэл болгож явсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг яавч бишээ.
Мөн 18-р зууны үед амьдарч байсан Өвөр хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба “Омбон түмбий” хэмээх анагаах ухааны зурагт номондоо анх хүн гөрөөсний зургийг зурж цөсийг нь хэрэглэдэг байсан тухай бичжээ. Үүнээс үзхэд 18-р зууны үед Монгол оронд хүн гөрөөс амьдарч байсныг гэрчлэх ажээ.
Манжийн эзэгнэлийн нөхцөлд жирийн Монголчуудын үзэл бодол, хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн аман зохиол нь туульс, үлгэр, домог, ерөөл магтаал, шүлэг, зүйр цэцэн үгс, дууны хэлбэрүүдээр ам дамжин тархан дэлгэрсээр байв. Тухайлбал “Жангар”, “Гэсэр”, “Хан харанхуй”, “Бум эрдэнэ” зэрэг баатарлаг туульсыг алдарт туульч Сэсрэн, Парчин, Сарис нар хуур буюу товшуур хөгжимтэй аялгуулан хайлж байжээ.
Далан худалчийн үлгэр, Бадарчны хөгтэй явдлын тухай үлгэрүүд, Бигар мичид хааны “Аржборж хааны үлгэр” зэрэг олон арван үлгэр, хошин шог яриануудыг хэлэлцэж байсан байна. Их бичгийн хүн говийн догшин ноён хутагт Данзанравжаа, Инжинааши, хуульч Сандаг, шүлэгч Гэлэгбалсан, Хишигбат зэрэг яруу найрагчдын шүүмжлэлт зохиол, шүлэг, ерөөлүүд нь хүний сайхан сэтгэл, байгалийн сайхныг маш яруу сайхнаар эгшиглэсэн байдаг. Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, “Урьхан хонгор салхи”, Сандагийн “Салхинд хийссэн хамхуулын үг”, Гэлэгбалсангийн “Наадмын ерөөл” гэх мэт олон бүтээлүүд нь өнөөгийн Монголчуудын дуулах дуртай дуу, цээжлэхэд таатай шүлэг, ерөөл айлдахад уламжлагдсаар байгаа билээ. Мөн Данзанравжаагийн найруулж тавьсан “Саран хөхөөний тууж” хэмээх жүжгийг бүтэн нэг сар үздэг байжээ. Инжинааши Хөх судар романыхаа оршил “Товчит тольт”-доо манжид бие сэтгэлээ худалдсан зарим ноёдыг шүүмжлэхдээ бичиг мэдэхгүй, цэргийн эрдмийг бүр ч мэдэхгүй, толгойдоо чулуу, тогосын өд хатгасан, луу хээтэй магнаг дээлтэй, хүзүүндээ шүр сувдан эрх зүүсэн, долоон амттан идэж уншвал арван хорын ужид цэнгэл, албин чөтгөрийн амьсгалтай адил баншим өмхий зэргээр шоглож дүрсэлсэн байна. Энэ мэтээр шоглосон хошигносон шүүмжлэлт зохиолын нэг нь Агваанлувсанхайдавын “Хонь, ямаа, үлгэр гурвын үлгэр”, “Эмгэн өвгөн хоёрын домогтой найруулсан шастир” зэрэг хэд хэдэн бүтээлд лам хуврагуудыг шоглосон байна.
Дууны хувьд шастир дуу (шашны), айдын дуу (баатарлаг явдлын тухай уянгын), шалиг дуу (хайр сэтгэлийн) гэсэн төрөл байдаг. Дууг товшуур, лимбэ, хууртай хамтран олноороо түрж дуулах, гоцлох байдлаар дуулцгаадаг. Дуу нь урт, богино 2 янзын ая уянгатай билээ. Дууны ая хөгийг тэмдэглэдэг тусгай тэмдэгтэй байсан одоо улсын төв номын санд хадгалагдан байгаа 70-аад дууг тэмдэглэсэн “Түр дууны бичиг”-ээс харагддаг.
То вангийн өргөөнд тоглож байсан “Ногоон морины дэг” гэх мэтийн тусгай нэртэй бүжгүүд бие, гар нуруу, толгой нүдний хөдөлгөөнөөр утга санаа нь илэрхийлэддэг өвөрмөц бүжиг бүждэг байсан нь эдүүгээ ч уламжлагдсаар байна. Данзанравжаагийн зохиол, найруулгаар 1830-аад оноос “Саран хөхөө” гэдэг аялгуут жүжиг тоглож газар газрын олон хүн хүрэлцэн очиж сонирхох болсон байна.
Монгол урчуудын авъяас билгээр зурах, урах, сийлбэрлэх урлаг гайхалтай хөгжиж байжээ. Авдар савны нүүрний арслан, хээ угалз нь бат бэхийг билэгдэж байхад эмээлийн чимэг, дөрөөн сурны бүрээс,дэвсний хээ угалз нь хүлэг морь нь эцэж цуцахгүй, эзэн нь өлзийтэй сайн явхыг билэгдэж байх жишээтэй. Урлал нь энгийн даруу зохиомж сайтай, ганган хээнцэр байдлыг хосолсон өвөрмөц хийцтэй байжээ. Уул ус, ургамал ан амьтны дүрсийг бодит байдлаар хавтгай зургийн аргаар дүрсэлж байжээ.
Сүм хийдийн урлал, бурханы хөрөг, хөөмөл шуумалуудаас Занабазарын бүтээлүүд нь давтагдашгүй бүтээл болон үлджээ. Тэрээр 1654 онд Хэнтий ханы ууланд “Рипогэжагандан шашуд” гэдэг шашны дүрслэх урлагийн төв байгуулсан түүхтэй. Түүнийг хожим Галдан бошготын цэргүүд үгүй хийсэн гэдэг.
18-р зуунд нагтан, мартан зураг, том хэмжээний торгон наамал зураг бүтээх ажил ихээхэн хөгжиж байв. Хар дэвсгэр дээр уран гоё алтан зураас, есөн эрдэнээр урлахыг нагтан, харин улаан дэвсгэр дээр алтан зураас, есөн эрдэнээр гоёмсгоор урлахыг мартан зураг гэдэг. Иим бүтээлд Богд хааны музейд буй “Нандув Чойжоо” хэмээх нагтан зураг, Хүрээний алдарт зураач М.Данжины (1861-1942) зурсан “Дамдин”, “Аюуш”, “Арван зургаан Найдан” зэрэг зургууд орно. Олон урчуудын хамтран уралсан “Хар Махгал”, “Охин тэнгэр”, “Улаан сахиус”, мөн том хэмжээний “Очирваань”, “Аюуш” зэрэг зээгт наамлаар уралсан олог арван торгон зураг эдүгээ хүртэл хадгалагдан иржээ.
Уран барилгын хувьд хэд хэдэн төрөл байсан байна.
Үүнд :
Ш Хятад хэлбэр. Одоогийн Чойжин ламын сүм, Амарбаясгалантын хийдийн Цогчин дуган.
Ш Монгол үндэсний гэр хэлбэртэй.
Ш Хятад Монгол холимог хийц. Үүнд хана нь гэр маягтай дугуй, дээвэр нь хятад. Одоогийн Гандандэгчлэн хийдийн сүм суварга.
Ш Түвд хятад хийц. Мигжиджанрайсэгийн сүмийн хана нь Түвд, дээвэр нь хятад.
Ш Монгол Түвд холимог хийц. Орой дээвэр нь Монгол гэр хэлбэртэй, хана нь Түвд барилгын хийцтэй. Хүрээнд байсан Майдарын сүм ийм хийцтэй байсан гэдэг.
Мөн тухайн үеийн Монголын бичиг номын мэргэд уран барилгын онол, судлалын талаар олон ном зохиол туурвиж байжээ. Тухайлбал бичээч цорж Агваанцэрэн сүм дуганы барилгыг барих, засварлах, хүрээ хийд байгуулах тухай 5-н бүлэг бүхий “Сүм дуган барих ба засах ёсон” хэмээх ном, барилгыг ашиглах, засварлах тухай “Аахар Шаахар” хэмээх ном бичжээ. Их хүрээ, Заяын хүрээ, Бэрэйвэн хийд зэрэгт мэргэжлийн уран барилгачид, зураачдыг бэлтгэдэг тусгай дацангууд байв.
18-20 зууны үед Монголчууд бусдын эрхшээлд орж, харь гүрний Монгол түмний оюуныг хоослох гэсэн бусармаг бодлогын улмаас соёл, зан заншил, уламжлалт их эрдэм ухааны өв сан мартагдах болсон ч техник сэтгэлгээний эртний улбаа тодорхой хэмжээгээр хадгалагдан хөгжиж байв. Үүний нотолгоо болсон цөөн жишээг дурдвал 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр амьдарч байсан уран дархан Яринпил, Балбар, Сандаг зэрэг уран мастерууд худгаас ус татах механик хэрэгсэл, унадаг дугуй, үйлний машин, үнс асгаад буцаж ирдэг автомат ажиллагаатай тэрэг, дархан Бөгтөр морь малын цус ханаж эмчлэх зориулалттай механик хануур, дархан Ерэнтэй сэгсрэхэд өөрөө асдаг хэт хийж байсан, Алтай нутгийн Мөнхөө дархан салхин сэнс, ноос савдаг машин, энгийн калибр буу санаачилж байсан зэрэг мэдээнүүд байдаг.
Мөн нутаг орондоо зураач хэмээн алдаршсан Лхамжав нь улаан буудайн ганцхан ширхэг үрийг арслангийн хэлбэртэй сийлж, дотор нь амьд амьтан буюу бөөс хийсэн нь хамгийн жижиг амьд арслан болжээ.
Жигүүртэн шувуу адил нисэх хүсэл мөрөөдлөө жинхэнэ бодит зүйл болгох гэсэн оролдлогыг удаа дараа хийж байв. Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар амьдарч байсан уран дархан Хайсангийн Гэлэнхүү гэгч эр үхрийн хатаасан ширээр далавч хийж, 200-гаад метр өндөр хадан цохион дээрээс нисж, цохионы доор зориудаар бөөгнүүлсэн хонин сүрэг дээр газардсан нь урьдчилан тооцоолсны дагуу амжилттай болсон байна.
Ш Хамгийн үнэтэй ном
(Олноо өргөгдсөний тавдугаар он) хэмээх Монгол, Түвд үсэг хавсарсан 17 хуудас бүхий судар юм. Цэвэр алтан ялтсан хуудас бүхий тэр сударт 7кг 372гр алт оржээ. Шар торгон баринтагтай тэр эрдэнийн судар Монгол банкны далд агуулахад хадгалагдаж байна.
Ш Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном
Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг бол Улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн Жүд” хэмээх ном юм.
“Сундуйн Жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширийн хийдэд урлан бүтээжээ. Уг ном цаас хэрэглэлгүй, зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай бөгөөд номын үсгийг цутгаж алтаар шаржээ. Уг ном 10 боть бүхий Түвд-Монгол, Хятад хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэжээ.
Энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ. Ийм их алт, мөнгө, эрдэнэсээр урласан ном дэлхийд үгүй билээ.
Ш Хамгийн том наамал
Улаанбаатар хотын дүрслэх урлагийн музейн фондод хадгалагдаж байгаа “Жалба Сэнгийн Ар” хэмээх наамал нь 1600-1050 см хэмжээтэй бөгөөд одоогоор энэ наамлыг дэлгэж тавих боломжтой хана Дүрслэх урлагийн музейд үгүй тул далд нандигнан хадгалдаг ажээ.
Нэр нь үл мэдэгдэх хүний уйгагүй зүтгэл, ур ухаанаар олон янзын торго, хоргойг өнгө хослуулан урласан энэ аварга бүтээл бол Дэлхийн урлагийн эрдэнэсийн санд зүй ёсоор орох хамгийн том наамал билээ.
Ш Хамгийн том тогоо
“Найрал төвийн дөрөвдүгээр он 1726 улаан морин жилийн зуны сүүл сарын шинийн дөрөвний сайн өдөр дор энэ их тогоог чадал хүчээ гаргаж цутгасан аяганы дархан Жалбуу төрөл хөвгүүн нь Аюуш, Аюушжав, Банди, Манжав, Наст ач нар нь Юмжид, Сүрэн, Ямпил энэ тогоог цутгасан дарханы төрөл эцгийн хувьд тушаав.
Хутгадаш, Банди тусалсан дарханы ах Санж үүнийг туслан бичсэн Хутаг, туслагч бичээч Ширнэн-Аюуш, хөвгүүн Сайнбилэг” гэсэн бичиг бүхий том тогоо Төв аймгийн дэргэдэх Манзширийни хийдэд байна.
Уг тогооны амсрын тойрог гь 6м-70см, хөндлөн огтлол нь 2м-15см, гүн нь 1м-40см, хүндийн жин нь 2тонн, багтаамж нь 1800 литр юм.
1726 онд зэс хүрлээр цутгаж хийсэн энэхүү цавын тогоо нэг удаад 1000 хүн хооллох бүрэн боломжтой байжээ. Тэр аварга тогоонд 2шар буюу 10 хонины махыг 2цаг буцалгахад 4 тэрэг түлээ ордог байжээ.