Хүчдэл заагч...
Хүчдэл заагч
Зориулалт. Цахилгаан тоноглолын гүйдэл дамжуулах хэсгүүд хүчдэлтэй эсэхийг шалгана. Тухайлбал : гүйдэл дамжуулах хэсгүүд таслагдсан эсэхийг, цахилгаан тоноглолууд гэмтсэн эсэхийг цахилгаан хэлхээ тасарсан эсэхийг шалгана. Хүчдэл заагчууд нь хүчдэлтэй хэсгийг мэдээллэх гэрлэн дохиотой байдаг. Хүчдэл заагчийг 1000 В хүртэлх хүчдэлтэй тоноглолд хэрэглэгддэг хүчдэл үаагч, 1000 В-оос доош хүчдэлд хэрэглэгддэг хүчдэл заагч гэж ангилна.
Хийц. Хүчдэл заагч нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
1. Ажлын хэсэг.
2. Тусгаарлах хэсэг.
3. Бариулын хэсэг.
1000 В хүртэлх хүчдэлийн хүчдэл заагч нь 2 туйлтай, 1 туйлтай гэж байна.
Ажлын хэсэг. Энэ хэсэгт дохионы гэрэл, контакт, конденсатор, нэмэлт эсэргүүцэл орно. Гэрэл нь неон юмуу улайсах ламп байх бөгөөд цахилгаан тоноглолын гүйдэл дамжуулах хэсгүүдийн хоёр цэгийн хоорондох потенциалын зөрүүнээс үүссэн гүйдэл лампаар гүйхэд асна.
2 туйлтай хүчдэл заагч нь идэвхитэй гүйдэл гүйхэд ажилладаг учраас тогтмол ба хувьсах гүйдэлд хэрэглэгдэнэ.
1 туйлтай хүчдэл заагч нь багтаамжийн (хуурмаг) гүйдэл гүйхэд ажилладаг учраас зөвхөн хувьсах гүйдэлд хэрэглэгдэнэ.
1000 В хүртэлх хүчдэлийн хүчдэл заагчийн тусгаарлах хэсэг, бариул нь хамт байна.
1000 В-оос дээш хүчдэлд хэрэглэгддэг хүчдэл заагчийн неонон гэрэл нь багтаамжийн гүйдэл дамжихад асдаг (гэрэл нь конденсатортой цуваа холбогдсон байна) тул хувьсах гүйдэлд хэрэглэнэ.
1000 В-оос дээш хүчдэлд хэрэглэгддэг хүчдэл заагчийн тусгаарлах хэсгийн урт нь UH-с хамаарах ба хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Бариул болон тусгаарлах хэсгүүдийг тусгаарлах материалаар хийнэ.
Хэрэглэх дүрэм
· Хүчдэл заагчийг 1000 В-оос дээш хүчдэлд хэрэглэхдээ резинэн бээлий өмсөнө.
· Хэрэглэхийн өмнө гадаад үзлэг хийнэ.
· Мөн мэдээжийн хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт ойртуулж дохионы гэрэл ажиллаж байгааг шалгана.(дохионы гэрэл нь түүнийг хэрэглэхэд зориулсан тоноглолын хамгийн бага тогтоогдсон хүчдэлийн 20%-д асна)
· Өдрийн цагаар ИХБ (ил хуваарилах байгууламж) болон ЦДАШ-нд ажиллах үед дохионы гэрлийн гэрэлтэлтийг сайн ажиглахын тулд тусгайлан сүүдрэвчээр тоноглох хэрэгтэй.
· Хүчдэл заагчийг зөвхөн газардуулах боломжгүй 20 кВ хүртэлх хүчдэлтэй модон тулгууртай агаарын шугаманд хэрэглэх үед газардуулахыг зөвшөөрнө.
· ИХБ-д цаг агаар хуурай үед хэрэглэнэ.