Автомат таслуур...
Сэдэв : Автомат таслуур |
Эх сурвалж : Ном хэвлэлээс |
Автомат таслуур нь хэвийн горимын үед шуурхай сэлгэн залгалт хийх, аваарийн горимд хэт ачаалалд хүчдэл буурахад цахилгаан хэлхээг автоматаар таслах зориулалттай төхөөрөмж юм. Нумыг агаарт унтраадаг учраас автомат таслуурыг агаарын гэж нэрлэдэг. Автоматыг их гүйдлийн, бага хүчдлийн, урвуу чадлын гэж ангилдаг. Автомат таслуур нь нэг, хоёр ба гурван туйлтай хийгддэг. Ажиллах хугацаанаас хамааруулан хэвийн (0.02-0.1с) сэлгэлтийн (1с хүртэл тохируулах) ба хурдан үйлчилгээтэй (0.005с) гэж ангилна. Эдгээр автоматуудыг 660В хүртэл хүчдэлд 6000А хүртэл гүйдэлд зориулж хийх ба таслах гүйдэл нь 200-300кА хүрдэг. АЕ-1000 АЕ-2000 –ийг 1-10КА таслах хамгийн их гүйдэлд 380-660В хүчдэлтэй хувьсах гүйдлийн 110-220В хүчдэлтэй тогтмол гүйдлийн сүлжээнд тавигддаг. АП-50 нь хэвийн гүйдэлд 50А хүртэл 400А хүртэл ажиллах хэвийн гүйдэлд үйлдвэрлэгддэг. АК-50 нь АП-50 автоматтай харьцуулахад илүү өндөр хязгаарын гүйдэлтэй байдаг.
Бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим
Автомат таслуурууд нь нум унтраах системтэй контакууд чөлөөтэй салах механизмтай дамжлага болон туслах контактороос бүрддэг. Автоматын контактууд хэт халахгүйгээр удаан хугацаанд хэвийн гүйдлийг нэвтрүүлэх мөн нумын нөлөөг тэсвэрлэж чадах ёстой. Ихэвчлэн залгаатай ерөнхий 3 ба нум унтраах 2 гэсэн хос зэрэгцээ контакторыг хэрэглэдэг. Хэвийн горимд гүйдлийн ихэнх хэсэгт зэс мөнгө буюу тэдгээрийг хайлшаар хийгдсэн үндсэн контактаар дамжин урсдаг. Таслах үед эхлээд үндсэн контакууд салгагдах боловч бүх гүйдэл нум унтраах контактын хэлхээнд шилжих учраас хэлхээ тасрахгүй дараа нь нум унтраах контактор салахад тэнд нум унтарна. 30А-аас их гүйдэлд нум унтраах контакуудыг зэсээр түүнээс илүү гүйдэлд вольфрам ба түүний хайлшаар эсвэл металл фирамик туслах контакууд нь үндсэн контактайгаа механик холбоотой ба удирдлага дохиолол хориг тавихад хэрэглэгдэнэ.
Их гүйдлийн автоматын зарчмын бүдүүвч 1-салгуур, 2-пүрш, 3-хэлхээ, 4-механик оньс, 5-татуурга, 7-цахилгаан соронзон. Гүйдэл ихсэх тохиолдолд цахилгаан соронзон ажиллаж татуургыг татах механик оньс мултарч пүршний механик хүчээр салгуурын хутга салж хэлхээ тасарна.
Хүчдлийн бууралтын автомат. Хүчдэл сэргээгдэх хугацаанд тоног төхөөрөмжийн өөрөө ажиллахаас хамгаалах зориулаттай автомат хэрэгсэл юм. Хэлхээ залгаатай байрлалд пүрш цахилгаан соронзон ороомгийн эсрэг хоёр хүчний (F1>F2) үйлчлэлийн дүнд механиз оньс хэвийн түгжээтэй байна. Хүчдлийн хэмжээ буурахад цахилгаан соронзон орны үйлчлэл (F1>F2)улмаар механик оньс алдарч автомат сална.
А-15 автоматыг хөндийрүүлсэн хавтаг дээр угсрах бөгөөд тэр нь хөдлөх ба үл хөдлөх контактын систем, чөлөөт салалтын механизм, хамгийн их гүйдлийн салагч, хамгийн бага хүчдлийн салагчаас тогтоно. Автомат нь цахилгаан соронзон катушка, зүрхэвч, хэл төмрөөс бүрдэх соронзонгийн системтэй. Хөдөлгөөнт контакт гүүр маягийн хэлбэртэй хэвийн нийлээстэй ба хэвийн саланги орших бүлэг контакт нь хөндийрүүлсэн голд бэхлэгдсэн байдаг. Туйл бүр нь өөрийнхөө ионждоггүй тортой, нум унтраах хоргод байрладаг. Контакт бүхэн үндсэн, бэлтгэл, таслах гэсэн контакттай байдаг.
АП-50 автоматыг хоёр буюу гурван туйлтайгаар хийдэг. Ионждоггүй тор бүхий нум унтраах хорго дотор контактын систем байрладаг. Автомат нь дулааны болон цахилгаан соронзон салагчтай (расцепитель) юм. Энэ автоматын зарим загвар нь салгагчгүй буюу эсвэл зөвхөн ган салагчтай байдаг. Автоматад дамжуулагчийг холбоход зориулсаөн контактын шураг бий. Чөлөөт салалтын механизм, автоматад суулгасан зохих товчлуураар автоматыг гараар залгаж салгаж болдог. Автоматын элементүүдийг хөндийрүүлсэн суурин дээр угсарч гэрээр хаадаг.
АЕ-1031 болон бусад холболтын автомат нь контактын систем байрладаг гэр, нум унтраах хорго, салагч, удирдах механизм, гаднах хэлхээний дамжуулагчийг холбох хавчаараас бүрдэнэ. Автоматыг нэг ба гурван туйлтай хийдэг.
Гэмтэл, түүний засвар, үйлчилгээ
АП-50 автоматын үндсэн контакт гэмтэж солих шаардлагатай болсон үед автоматыг бүрэн задлах хэрэгтэй болдог. Ихэнх тохиолдолд тухайлбал контактын эрээс, нум унтраах торны гэмтлийг засварлах автоматыг эд анги болон доторх гадаргууг тортогноос цэвэрлэх буцаах пүршийг солиход автоматыг хэсэгчлэн задлахад хангалттай. Yүний тулд тагны сууринд бэхэлсэн шургийг тайлаад тагийг авна. Нум унтраах хоргыг авсны дараа зогсоох товчлуур буюу гаргалгын дамжуулагчийн хөндлийн жирээг (рейка) дарж байгаад хөшүүргийг салгана. Цааш нь шургийг тайлж, үл хөдлөх болон хөдлөх контактыг салгаж авна. Суларсан буюу тасарсан байвал буцаах пүршийг хавтгай бахиар баривчаас нь салгана. Эд ангийг засварласны дараа эд ангийг дараах дарааллаар угсарна. Нум унтраах хоргыг үүрэнд нь суулгах, механизмын нугасан холбоог багажны тосоор тослох бөгөөд гол дээрх хөндөл гацаагүй чөлөөтэй эргэж байх ёстой. Үл хөдлөх ба хөдлөх контактыг байрлуулаад шургаар бэхэлнэ. Буцах пүршийг хийгээд гаргалгаа дамжуулагчийг холбохын тулд шургыг эргэдээд дараа нь нум унтраах хорго бүхий тагийг өмсгөөд сууринд шургаар сайтар бэхэлнэ.
А-15 автоматын контактын эвдрэлийг засварлахдаа нум унтраах хоргыг салгаж авна. Салгуурыг засварлах үедээ салагчийн байдлыг онцгой анхаарч үзэхээс гадна нэмэлт эсэргүүцэлд гал хамгаалагчийн тавилын бүрэн бүтэн байдал төгсгөлийн унтраалганы контактыг шалгана. Таслах голонцорын хөшүүрэг салагчийн цохилуур хоёрын хоорондох зай нь 2-3 мм байх ёстой. Шатсан эсэргүүцэл буюу хайламтгай тавил, төгсгөлийн унтраалгын контакт эвдэрсэн байвал шинээр сольж тавина.
А-3100, АЕ-1000, АЕ-2000 холболтын автоматын контактыг нь цэвэрлэдэггүй, эд ангийг сольдоггүй юм. Автоматны дотор орших салагчийг үйлдвэрт нь тохируулдаг учраас баталгаат хугацаа дууссан эсвэл автомат эвдэрсэн бол автоматыг шинээр солино.
АЕ-1031 автоматыг бүрэн задлахдаа дараах дарааллыг баримтална: Шургийг суллаад хөдөлгөөнт контакт ба контактын хөшүүрэгтэй угсраатай чигээр нь салгах механизмыг салгаж авсны дараа шургийг эргүүлж гаргаад үл хөдлөх контактыг салгана. Контакт, нум унтраах хорго, ионждоггүй торны эврэл гэмтлийг үзэж засварлах, салгах механизмыг цэвэрлэж тосолно. Засварласан автоматыг задалсны эсрэг дарааллаар угсарна.